Хойд бүсийн аялал
3-р сарын 26-31-нд МТӨСТ-ийн сургалт зохион байгуулагч нар ээлжит ажлын айлчлалаар хойд бүсийг зорилоо. Тус аяллаар Хөвсгөл, Булган, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Шарын гол гэх мэт аймаг сумдуудаар айлчлах бөгөөд тус бүс нутагт явагдаж байгаа МТӨСТ-ийн бүлгүүдтэй танилцаж тэдний бүлгийн үйл явц болон тулгамдаж буй бэрхшээлтэй газар дээр нь танилцаж зөвлөгөө өгөн МТӨСТ-ийн сургалт хараахан нэвтрээгүй байгаа сүм чуулгануудтай уулзан тэдэнд МТӨСТ-ийн сургалтын ач холбогдол болон арга барилын тухайд танилцуулах юм.
Тус ажлын айлчлалаар МТӨСТ-ийн баруун бүсийн сургалт зохион байгуулагч Ш.Ганболд болон зүүн бүсийн сургалт зохион байгуулагч Ц.Түвшинтөгс нар яваад ирсэн билээ.
Аяллын эргэн тойронд болсон сонин хачинаас та бүхэндээ танилцуулъя.
– Сайн байна уу та бүхний хойд бүсийн аяллаар явсан тухай уншигчиддаа танилцуулах гэсэн юм.
Ш.ГАНБОЛД: Энэ тухай танилцуулах гэж байгаад баярлалаа. Бид хойд бүсийн аяллаар нийт 5 аймгаар тойрон аялаад ирлээ. Бидний аяллын зорилго нь орон нутгуудад явагдаж байгаа МТӨСТ-ийн бүлгүүдээр айлчлах мөн сүм чуулганы ахлагч удирдагчидтай уулзан цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох явдал байлаа.
– Энэ удаагийн аяллын хугацаанд тохиолдсон онцлох зүйлсийн тухайд?
Ш.ГАНБОЛД: Энэ удаагийн аяллын онцлогийн тухайд гэвэл. Бид орон нутгуудад үйл ажиллагаагаа явуулж буй Дэлхийн Зөн ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилчидтай уулзаж тэдний дунд явагдаж буй МТӨСТийн сургалтын бүлгүүдтэй танилцсан юм. Тухайн байгууллага нь дотроо хамт олноороо манай сургалтыг авсан явдал нь ажилчид хамт олны нэгдмэл уур амьсгал болон хамтын ажил үйлчлэлд нь маш том түлхэц болж өгсөн бөгөөд мөн Есүс Христийг хараахан таньж мэдээгүй хүмүүсийн хувьд илүү гүнзгий таньж мэдэх боломжтой болсон юм.
– Аян замын сонин содон зүйлс зөндөө л тохиолдож байсан биз дээ?
Бид Улаанбаатар хотоос гарах үед цаг агаар маш таатай дулаахан байсан хэдий ч аяллын дунд үед цас орж цасан шуурга тавьж зам харгуй харагдахгүй болж замын нөхцөл муудсан. Хэдий тийм боловч монгол ардын зүйр үгэнд Тэнгэрийн муухай арилна гэж хэлдэгийн адилаар удалгүй цаг агаар тогтуун болж цааш аяллаа үргэлжлүүлэхэд таатай болсон юм. Мэдээж манай Монгол орноос өөр газар ганцхан долоо хоногийн дотор жилийн 4-н улирлыг харах боломжгүй байх. Мөн замд маань нэг сонирхолтой зүйл болсон нь бидний явж буй зам дээр нэгэн төөрсөн хурга зогсож байсан явдал юм. Тэр хурга унтаж байгаад сүргээсээ тасарсан байлаа. Бид хургыг аван ойролцоох айлд хүргэн өгч байхдаа яг энэ төөрсөн хурга адил хаашаа явахаа мэдэхгүй байгаа хүмүүс бидний эргэн тойронд маш олон байгаа даа тэр ч бүү хэл сүм чуулган дотор хүртэл Бурханы үг болсон библиэ уншиж судалдаггүйн улмаас төөрсөн итгэгчид ч хүртэл олон байгаа байхдаа гэсэн бодол төрж билээ. Энэ бүхний эцэст нийт уншигчиддаа хандан хэлхэд итгэлийн ахан дүүс минь бид энэ амьдрал дунд хэдий завгүй байсан ч гэсэн Эзэний үг бол хамгийн чухал нь бөгөөд хэзээ ч хойшлуулж болшгүй зүйл юм шүү. Тиймээс Эзэний үгийг байнга уншиж судалж байгаарай гэж хэлье.
– Цаг зав гарган аяллын тухай мэдээлэл өгсөн танд баярлалаа. Бурхан таны ажил үйлчлэлийг ивээх болтугай.