Түүх

ТЕОЛОГИЙН ӨРГӨТГӨСӨН СУРГУУЛИЙН ТҮҮХ

ТӨС хэрхэн, хэзээ бий болов оо…

Теологийн өргөтгөсөн сургуулийг анх 1960 оны эхээр Төв Америкт ажиллаж байсан илгээлтийн ажилтнууд санаачилжээ. Тэндхийн нэгэн Библийн суурин сургуульд суралцсан 250 хүмүүсийн дийлэнх олонх нь өөр ажил мэргэжлээр ажиллаж байгааг тэдний хийсэн судалгаа харуулжээ. Харин сүүлчийн 25 жилийн дотор байгуулагдсан 200 гаруй чуулганы удирдагчдын дийлэнх нь Библийн суурин сургуульд ер сурч байгаагүй хүмүүс байсан ажээ.

Ингээд 1963 онд Гватемал улсад чуулгандаа үйлчилж байгаа нутгийн пасторуудыг орон нутаг, үйлчлэлийнх нь хүрээ, хамт олон, гэр бүл, ажлаас нь салган нэг газарт бөөгнүүлэн сургадаг уламжлалт аргаас татгалзан, тэднийг орон нутагт нь сургах зорилго бүхий Теологийн Өргөтгөсөн Сургуулийг нээжээ.

Түүнээс хойш дэлхийн олон улс орнуудад ийм сургууль, сургалтын төвүүд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулсаар цар хүрээгээ улам тэлсэн байна. Өнөө үед Теологийн Өргөтгөсөн Сургуулиуд нь дэлхийн хэмжээний Библийн сургалтын нэгэн арга зам болсон гэдгийг зарим жишээнээс харж болно:

ТӨС-ийн хамгийн том товчоо бол Англи улсад байдаг SEAN гэдэг товчоо бөгөөд одоогоор 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. SEAN нь анх Аргентинд Испани хэл дээр сургалт явуулж эхэлснээс хойш эдүгээ 100 гаруй улс орны 70 орчим хэлээр сургалтуудаа явуулж байна.

Энэтхэг улсад үйл ажиллагаа явуулдаг “ТАFTEE” (The Association For Theological Education by Extension) теологийн бакалавр зэрэг олгодог бөгөөд энд 6000 гаруй оюутан суралцаж байгаа нь зөвхөн Энэтхэг төдийгүй Шри-Ланка, Непал, Африкийн орнуудаас ч ирсэн байна.

Пакистан улсын “The Open Theological Seminary” буюу “Теологийн Нээлттэй Семинар”-т өнөөгийн байдлаар 2000 гаруй Христэд итгэгчид суралцаж байна.

ТӨС МОНГОЛД, МТӨС-ИЙН ЗОРИЛГО

Монголд 1995 оноос Монголын Теологийн Өргөтгөсөн Сургалтын Төв гэсэн нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2002 оноос Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль болж “өргөтгөсөн” хэлбэрийн сургууль болж ажиллаж байна.